УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Нийтийн өргөдлийн тухай авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн төслийн талаарх танилцуулгадаа, тус байнгын хорооны энэ оны 11 дүгээр сарын нэгний өдрийн 10 дугаар тогтоолоор Иргэдээс ирүүлсэн саналын дүнг үндэслэн татварын орчныг сайжруулах талаар холбогдох тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсныг онцлон тэмдэглэсэн юм.
Ажлын хэсэг хоёр үндсэн чиглэлээр арга хэмжээг авахаар болсон. Нэгдүгээрт, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, татвар ноогдуулалт, төлөвлөлт, тайлагналтыг сайжруулах, эдийн засгийн ил, тод байдлыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, аж ахуйн нэгж байгууллагуудад бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг татвартай холбоотой эрх зүйн орчин болон татварын тогтолцоонд үнэлэлт дүгнэлт өгч, дүн шинжилгээ хийн улмаар татварын шинэчлэл хийх саналаа Төсвийн байнгын хорооноос УИХ-д танилцуулна гэдгийг тодотгохын зэрэгцээ энэ хүрээнд ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, тогтоолын төсөл санаачлан боловсруулж, Төсвийн байнгын хороонд танилцуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж, хариулт авсны дараа “Нийтийн өргөдлийн тухай авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ. Тогтоолын төсөлд цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах санал авах журмын дагуу ирүүлсэн нийтийн өргөдлийн үр дүнд үндэслэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын нэмэгдсэн өртгийн албан татвар болон татварын орчинд үнэлэлт, дүн шинжилгээ хийж, шударга, ёсны зарчимд нийцүүлэн татварын орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлтээ УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг Төсвийн байнгын хороонд даалгах агуулгыг тусгасан байв.
Энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.