УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Монголчууд Солонгос руу эмчилгээ үйлчилгээнд явахад жилд 300 сая ам.доллар зарцуулж байна. Албан бус судалгаа шүү. Энд тоног төхөөрөмж нь муу байгаа учир тийшээ яв гэсэн зөвлөгөө сонсч байна. Сүүлдээ эмнэлгүүд аялал жуулчлалын товчоо шиг ажиллах боллоо. Уг нь энд эмчлэх ёстой.
Гадаадаас эмч нарын багийг нь авчирвал нэг биш нэлээд хүний асуудал шийдэгдэнэ. Монгол эмч нар ч туршлагатай болно.
Энэ хэлбэрээр гадагшаа явсан хүн бүрт мөнгийг нь өгнө гэвэл эрүүл мэндийн тогтолцоо гажуудалтай болно. Зайлшгүй ховор тохиолдолд тусалж дэмжилгүй яах вэ. Түгээмэл өвчин дээр анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг яаж гаргадаг юм бэ" гэв.
Д.Батчулуун