УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн санал хэллээ.
"Гэр бүлийн тухай хуулийг хүүхэд хамгааллын хуультай уялдуулж ярих хэрэгтэй. Хүүхэд нь тусдаа өөр хуулиар яваад байна. Тэгэхээр энэ хоёр асуудлыг хэрхэн уялдуулж, аятайхан авч явах талаар авч үзэх ёстой гэж бодож байна. Дараагийн хэлэлцүүлэг дээр НББХ-оор хэлэлцүүлж явах хэрэгтэй шүү. Хоёр талтай. Нэг талаасаа эрхзүйн зохицуулалт хийж байгаа боловч нөгөөтэйгүүр нийгмийн асар том асуудлыг ярьж байна. Хамтарч хурал хийвэл их үр дүнтэй болов уу.
Хамгийн санаа зовоосон асуудал бол гэр бүл салалт. Үүнийг эрхзүйн хүрээнд яаж зохицуулах гэдгийг бодож хуулиа хийх хэрэгтэй. Мөн үр хүүхдээ эцэг эх болоход нь бэлтгэх асуудал байна. Үүн дээр эцэг эхчүүдийн үүрэг, мэдлэг чадвар бага.
Түүнчлэн дагавар хүүхдийн тухай асуудал. Хамгийн их хэлмэгдэж байгаа хүмүүс бол тэд. Тиймээс хоёр хуулийг хооронд нь уялдуулж, салсан ч гэсэн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, хамгаалах, асрахад оролцох оролцоог бий болгох чиглэлийг хуульд тусгахад онцгой анхаарах хэрэгтэй" гэв.
М.Жаргал