УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 3-нд өргөн баригдаад, өнөөдөр хэлэлцэж байгаа нь хурдтай явж байна. Шинэ сайд хурдтай явуулж байх шиг байна. 1999 онд батлагдаад, түүнээс хойш дорвитой өөрчлөлт оруулаагүй.
Гэр бүл салалт их нэмэгдэж байна. Гэр бүл бүртгүүлэлт багасаж байна. Гэр бүл салалтын золиос хүүхэд.
Салалтын шалтгаан нь таарамжгүй харилцаа, архинаас болж байна. Хамтран амьдрагчдын эрх ашиг байнга зөрчигдөж байна. Амьдралын шаардлагаар гаднын хүмүүстэй гэр бүл болоод хохирдог асуудал бий. Үндэсний соён гэгээгүүлэх хөтөлбөрийг батлах зайлшгүй шаардлагатай болжээ. Цус ойртолт бол Үндэсний аюулгүй байдлын том сэдэв шүү. Дээр үед ургийн бичиг хөтөлдөг байсан. Одоо цагт ургийн бичгийг цахимд бий болгох боломж байна уу" гэв.
Д.Батчулуун