Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар их өгөгдлийн сан байгуулах асуудлыг шийдвэрлэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийн үед датагаа цуглуулах маш чухал болж байна. Их датад суурилсан шийдвэр амьдралд биеллээ олдог. Үүнийг ил тод болгосноор бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа явуулахад дөхөмтэй.
Хиймэл оюун ухаан өөрийгөө хөгжүүлдэг. Гэхдээ их датад суурилдаг учраас үүнийг шийдвэр гаргахад ашиглахаар ҮСХ, Цахим хөгжил харилцаа холбооны яам их өгөгдлийг бүрдүүлэх чиглэл авлаа.
Их дата бол боловсруулаагүй мэдээлэл. Тухайлбал, түгжрэлийг шийдэхийн тулд бүс тогтоох нь зөв үү гэдгийг их өгөгдөлд суурилж шийдвэрлэх ёстой. Түүнчлэн төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан цахим төлбөр тооцооны шийдлийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар танилцуулга хийлээ.
Цахим төлбөр тооцооны нэгдсэн шийдлийг төр, хувийн хэвшил хамтран нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Иймд иргэд гар утасныхаа камерыг нээгээд л хувийн хэвшлийн ч, төрийн ч ер нь аль ч байгууллагаар үйлчлүүлсэн QR уншуулаад л төлбөр, тооцоо хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Иргэд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хаана ч энэ хэлбэрээр тооцоо хийх боломжтой болно” гэв.