Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэүеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нэгдүгээрт, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихаар боллоо. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийн хамт МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч болон удирдах бүрэлдэхүүнтэй зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгуулсан.
Түүний зорилго бол бизнесийн орчныг дэмжих, тэтгэх эрх зүйн орчинд томоохон өөрчлөлтийг бий болгож өгөх зэргээр санал солилцсон.
Энэ дагуу эрх зүйн орчинд нь тав орчим хуулийг багцаар нь шинэчлэх ажлыг хэрэгжүүлэхээр болсон. МҮХАҮТ нь 21 аймаг, Улаанбаатар хотод салбартай. Хуулийн шинэчлэлээр танхимыг бүрдүүлж буй салбар танхимууд буюу мэргэжлийн холбоод салбар бүрийг төлөөлдөг болно. Уул уурхайн бизнес эрхлэгчид нэгдээд уг салбарыг төлөөлсөн мэргэжлийн холбоог МҮХАҮТ-ын дотор байгуулна.
Уг хуулийн шинэчлэлээр хувийн хэвшлийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгоно. Компанийн төлбөрийн чадваргүй болсныг хангах, хувийн хэвшил үйл ажиллагаагаа ил тод явуулах, татварын зохицуулалттай холбоотой хууль эрх зүйн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ" гэв.
Д.Батчулуун