АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэв.
-Өнөөдрийн Засгийн газар эхлээд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн хүслийг бүгдийг нь тавьчихаж. Түүний дараа орлогоо зурж байна. Засаг замбараагүй хөрөнгө оруулж тавьчихаад түүндээ тааруулж орлогоо зураад байна. 60 сая.тонн нүүрс гарахгүй бол яах юм бэ. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ уначихвал яах юм. 2021 онд 14 их наяд төгрөгийн зардалтай байсан Монгол Улсын төсвийн зарлага өнөөдөр 27,4 их наядад хүрч нэмэгдлээ.
2020 оны сонгуулиар "ард иргэдийн амьдралын орлогыг 2 дахин нэмэгдүүлнэ" гэсэн МАН-ын мөрийн хөтөлбөр байхгүй болсон. Хүмүүс улам ядуурч байна. Гэтэл дарга нарын зарлага 2 дахин өссөн.
Ингэхдээ үргэлж ЗГ-ын өрийг нэмэгдүүлдэг. Одоо 32 их наяд төгрөгийн өртэй болсон. ЗГ-ын өр 42 хувьтай л байгаа гэж тайлбарласан. Тэгвэл 80 сая.тонн нүүрс гаргаад эдийн засгаа 100 их наяд болгочхоод 20 хувийн Засгийн газрын өртэй гэж уран донгодоод яв л даа. Тоогоор асуудалд ханддаг байдал хэрээс хэтэрч байна.
Энэ оны төсөв дээр 241 төсөл арга хэмжээг зарцаах юм бол 927 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан.
Мөн урсгал зардал замбараагүй нэмэгдсэн. Сайд нарын урсгал зардал замбараагүй нэмэгдэж, учир утгагүй хурал зөвлөгөөн хийдэг болсон. Өдөр болгон хаа сайгүй хурал болж байна.
UG ARENA-г дүүртэл нь хүмүүс суулгаж байгаад "та нарын зардлыг дааж хот үзүүлсэн шүү, буудал амралтын газарт байрлуулсан шүү, тор дүүрэн бэлэг өгсөн шүү. Тиймээс та нар 2024 онд манай намд санал өгөөрэй. Орон нутгийнхандаа нөлөөлөөрэй" гэсэн ийм л байдлаар төсвийн мөнгийг урсгаж байна.
Хурал чуулган хийгээд хөгжсөн улс хаана байна вэ? Монгол хаана хөгжөөд байгаа юм. Төсвийн зардлаа хэмнэх зайлшгүй шаардлагатай.
М.Дэвээжаргал