Монгол Улсад нийт 115,100 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 40 хувь нь төрөлхийн, 60 хувь нь олдмол шалтгаантай байна. Мөн 0-18 насны 11,800 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна.
- Засгийн газрын 2019 оны 125 дугаар тогтоолоор байгуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд өдөрт 250 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх, өдрөөр сэргээн засах үйлчилгээнд хамруулж байна.
- 2022-2023 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдийн 64 хувийг буюу 8,228 суралцагчийг бүх шатны боловсролын үйлчилгээнд хамруулжээ.
- Холбогдох олон улсын байгууллагуудын 3 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтээр 26 сургалтын байгууллагын хүртээмжтэй орчинг сайжруулж, хүүхэд хөгжлийн танхимыг шинээр тохижуулаад байна.
- Хөгжлийн бэршээлтэй хүүхэд суралцдаг 2 цэцэрлэг, 6 сургуульд улсын төсвөөр 800 сая төгрөгийн санхүүжилтээр тохирох хэрэглэгдэхүүн нэмэгдүүлэх, хүртээмжтэй орчныг сайжруулжээ
- Монголын хараагүйчүүдийн үндэсний төвийн дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах зорилгоор 250 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.
Хуульд:
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг нарийвчлан тусгаж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
- .Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, гэр бүлийн гишүүний эрх ашгийг тэргүүн ээлжинд анхаарахад чиглэсэн тусгайлсан зохицуулалтуудыг тусгасан.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай хуулийн төслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран боловсруулна.
- Хөдөлмөрийн тухай хуулийн 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллага нийт ажилтны дөрвөөс доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй ажилтан ажиллуулах заалтыг заавал хэрэгжүүлсэн байх тухай зохицуулалт нэмж тусган батлуулна.
- Ирэх онд нийслэлд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн нэгдсэн төв, Архангай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад болон Баянзүрх дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг, цаашид төвийг бүх аймаг, дүүрэгт барьж байгуулна.
М.Жаргал