УИХ-ын дарга Г.Занданшатарын санал, санаачилгын хур буусан "парламентын намар" бололтой. Тэрбээр НӨАТ-ын буцаан олголтын хувийг 5 болгон нэмэгдүүлэх санаачилгаа 100 мянган иргэнээр дэмжүүлчихсэн. Одоо хуулийн төсөл бэлтгэж, УИХ-д өргөн барих цаг хугацааны асуудал л бий.
Харин өчигдөр (2023.11.03) УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр буюу Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар ярьж ахуйд "Агаарын бохирдол, түгжрэл зэргийг тооцоод дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрийг 12, 1-р сард амрааж, зун намрын сард шилжүүлэх талаар судалж үзвэл ямар вэ" гэх иргэдийн гэх саналаа хэлээд амжив. Үргэлжлүүлэн долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хичээллэж, наймдугаар сарын 1-нээс хичээл эхэлж болох талаар ч дурдсан юм. Мөн хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал гэх үгсээр хүч нэмэв.
УИХ-ын даргын саналыг дэмжих, дэмжихгүй хэсэг бий. Харин УИХ-ын гишүүдээс тэр бүр унадаггүй бодитой зүйлийг тусган ярьж буйгаараа тэрбээр "онцгойрох" маягтай болов. Тухайлбал НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох саналыг дэмжээгүй гишүүд зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах л болов уу. Харин Сангийн сайд бол аль хэдийн чирэгдэж яваа гэдгийг чуулганы үеэр харж буй биз ээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (4)