УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Улаанбаатар хотын түүх бол улс төрийн намууд, улстөрчид удирдахаар ямар болдогийг харуулсан олон жилийн түүх. Асуудлыг шийдэхийн тулд иргэдийн халаастай яриад, захиргааны аргаар шийдэх гэж байна. Энэ хуулийг дагаад 23 хууль дагалдаж орж ирсэн байна. Газар чөлөөлөлт гэсэн чинь тухайн бүс нутгийн 65 хувь дэмжвэл трактор ороод буулгаад хаях нь. Үндсэн хуультай зөрчилдөхгүй юу. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль орж иржээ. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл байж болно, хотын асуудал урсаад явдаг л ажил. Төлбөртэй бүсийн 27 мянга гэдэг тооцоог яаж гаргасан юм. Жилд хэчнээн мөнгө төвлөрөх вэ" гэв.
Д.Батчулуун