УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.
Тэрбээр "Утааны тухай хэдэн юм хэлье. Энэ өвөл Улаанбаатарчууд хүүхдүүд маань яаж өвөлжих юм болоо. Утааг ямар түлшээр яаж өнгөрүүлэх гэж байгаа юм, үүнийг олон нийтэд тайлбарлаад хэлж болохгүй юм уу. УИХ дээр түлшний асуудлыг яаж шийдэх юм бэ гэдгийг Г.Занданшатар даргаас асуумаар байна. Хариуцсан хүмүүс нь сууж байгаад танхимд уг асуудлыг яримаар байна.
Утааны асуудлыг урт хугацаанд орон сууцжуулах, ойрын хугацаанд хагас коксжсон түлшээр шийдэх боломжтой.
Одоогоос 11 жилийн өмнө “Аморе интернэшнл” компани хагас кокс түлш үйлдвэрлэнэ гээд 17 тэрбум төгрөг аваад хийгээгүй. Энэ үйлдэврийг 2012 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулах байсан. 11 жилийн өмнө Улаанбаатарчууд утаанаас салах боломж байсан. Уг компани ажлаа хийж чадаагүй. Үүнийг УИХ-ын гишүүн анхаарах хэрэгтэй. Хагас коксоос өөр шийдэл байхгүй. Монголд эзэн байна уу. Утаан дунд 11 жил байлгасны хариуцлагыг хүлээлгэх засаг төр байхгүй юм уу" гэв.
Д.Батчулуун