УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Зөвшөөрлийн хуулийн хэрэгжилттэй холбоотой үг хэлэхгүй бол болохгүй байна. Ажлын хэсэг ажиллаж, санал дүгнэлтээ хаврын чуулганаар хэлэлцүүлж, 69 дүгээр тогтоолыг баталсан. Гэтэл хэрэгжилт хангагдахгүй байна. Маш энгийн хууль. Хувийн хэвшил өөрсдөө хэлэлцэж, өөрсдөө бүгдийг нь боловсруулж өгсөн. Зөвшөөрлийн хууль дээр хэд хэдэн асуудал үүссэн. Ямар нэгэн зөвшөөрлийг бүртгэл, лиценз нэрээр бий болгохгүй байхыг хуулийн 1.5 заалтад тусгасан. Мөн 8.1 болон 8.2 заалтад хуульчилж нэрлээд хэн олгох вэ гэж заасан.
И-Монголиа платформ дээр шинэ цэс гаргаад 100 гаруй зөвшөөрлийг бүртгэл нэрээр нэмсэн байна. Найман нэрийн барааны дэлгүүр, дугуй засвар гээд байж болох бүх зөвшөөрөл байна. Зөвшөөрлийг шинээр нэмэх процессыг маш тодорхой зааж өгсөн.
Нээлттэй сонсгол явуулж, Засгийн газрын дэргэдэх зөвлөл, Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ хуулиар өөрчилнө. Гэтэл өнөөдөр И-Бизнес гэдэг цэсэнд олон зөвшөөрлийг шинээр өгч байна. Бидний баталсан хуулийг гууль болгож байна. Иргэдээс олон гомдол ирж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)