Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргаар томилогдсон Х.Нямбаатар хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан билээ. Тус төлөвлөгөөнд "төлбөртэй бүс тогтоох" гэсэн санаачилга байгаа нь олны анхаарлыг татаад буй. Энэ чиглэлээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хууль болон дагалдах 30 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг өнгөрөгч аравдугаар сарын 31-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.
Хуульд "замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэг удаа нэвтрэх төлбөрийн хэмжээ 0-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хүртэл хувьтай тэнцэх мөнгөн дүн байна" заажээ. Гэхдээ хууль батлагдвал төлбөрийг нийтийн тээврийн хүртээмжийг нэмсэн хойно НИТХ тогтооно гэдгийг хотын дарга дурдсан.
Түүнчлэн төлбөртэй бүсэд амьдарч байгаа иргэдийг төлбөрөөс 90 хувь чөлөөлнө. Мөн төлбөртэй бүс рүү орох орчимд байрлах автомашины зогсоолыг ажлын цагаар үнэгүй болгоно зэргээр ажиллах нь. Ингэснээр авто замын түгжрэл 36.3 хувиар буурах урьдчилсан тооцооллыг гаргажээ. Гэвч хотын төв рүүгээ ороход мөнгө өгнө гэх асуудалд иргэд тийм ч таатай хандахгүй байгаа.
Харин Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан томилогдсноосоо хойш нэг үг дуугарч, өчигдөр (2023.11.01) "Төлбөртэй бүс тогтоохыг иргэдийн 70 гаруй хувь нь дэмжсэн" гэх утга бүхий зүйлийг хэвлэлд ярьжээ. Гэхдээ иргэд дэмжсэн гэдэг нь тун эргэлзээтэй. Үнэхээр тоо ярьмаар байвал нээлттэй санал асуулга явуулах учиртай бус уу. Хаана, хэнээс дэмжлэг авсан нь улсын нууц болчихоогүй байлтай. Хэрэвзээ санал асуулга явуулсан бол нээлттэй байдлаар харуулах хэрэгтэй.
М.Жаргал
Сэтгэгдэл (4)