Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрбээр, "Засгийн газраас хөдөлмөр, нийгэм хамгааллын салбарт процессын дахин инженерчлэлийн загварыг гаргахаар энэ оны тавдугаар сарын 24-ны өдөр шийдвэрлэж, ажиллаж эхэлсэн. Таван сарын хугацаанд тухайн ажлыг хэрэгжүүлэх баг сайн ажиллаж, үр дүнгээ танилцууллаа.
Төр үйлчилгээний байгууллагын нэгэн адил иргэддээ хүрч үйлчилдэг болох тогтолцооны шинэчлэлд бид зорьсон.
Иргэнд хамгийн олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг, хөдөлмөр халамж нийгмийн даатгалын цэгүүдийг сонгон авч 32 хүний бүрэлдэхүүнтэй шинжилгээний баг ажиллаж, салбарын эрсдлийг тооцсон.
Хөдөлмөр, нийгэм хамгааллын салбарт 1,900 гаруй төрлийн эрсдэл байна. Үүнд хүнд суртал, авилгал, чанаргүй үйлчилгээ зэрэг орно. Эдгээр эрсдэлийг арилгаж, цаашид хүн төвтэй үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлж чадвал төрийн үйлчилгээ бодитой болно.
Бид 1Х1 тогтолцоонд зорьж байна. Өнөөдрийг хүртэл хөдөлмөр, халамжийн үйлчилгээний 70 орчим хувь нь уламжлалт цаасан харилцаан дээр тогтсоор байна. Энэ оны 12 сарын 31-нийг хүртэлх хугацаанд ажлын байранд бодитоор шинэчлэлийг хэрэгжүүлж, ирэх оны нэг сар гэхэд хүнд сурталгүй болгоно" гэсэн юм.
Үргэлжлүүлэн тэрбээр "Нийгмийн даатгалын сангийн 3,400 гаруй дансыг арилжааны банк тус бүрд нэг, төрийн сан дээр мөн нэг данстай болгож өөрчилнө" гэлээ.
М.Дэвээжаргал