Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хоёр сайн мэдээ дуулгая. Нэгдүгээрт, Монгол Улсын Хөгжлийн банк 500 сая долларын бондын өрөө өөрийн эх үүсгэврээр бүрэн төллөө. Үүнд өрийг өрөөр төлсөн зүйл, дахин санхүүжилт авсан зүйл байхгүй. Засгийн газар бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсын хөгжлийн банк 2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр 500 сая ам.долларын бондын өрийг төлж барагдууллаа.
Гадаад өр зээлийг амжилттай төлж барагдуулах нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхээс гадна зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж үлдэх эерэг нөлөөтэй. Мөн нөгөө талаар, санхүүгийн сахилга баттай байдал, нэгдсэн бодлого хэрэгжүүлсний үр дүн эхнээсээ гарч байна.
Ирээдүй өв санг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн сангаас тусгаарлана
Хоёрдугаарт, өнгөрсөн тав дахь өдөр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ерөнхийлөгчид асуулга тавьж, Ирээдүй өв сангийн талаарх хэлэлцүүлэг болсон. Үүнээс хойш бид нөхцөл байдлыг дахин судалж үзэхэд өнөөдрийн байдлаар 2,8 их наяд төгрөгийн хуримтлал бий болсон байна. Оны эцэс гэхэд 3,2 их наяд болох болов уу. 2024 онд 4,5 их наяд болно. 2025 оны нэгдүгээр сарын 1-нд Ирээдүй өв санг тусгаарлах үүрэгтэй байгаа.
Манай Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд хуримтлал 1,3 их наяд, төрийн сангийн үлдэгдэл 1,4 их наяд орчим байсан. Тэгвэл өнөөдөр Төрийн сангийн үлдэгдэл 4,3 их наяд болсон.
Эдийн засгийн эерэг үр дүнгүүд гарч байгаа учир Ирээдүй өв санг төрийн сангаас тусгаарлах хугацааг нааш нь нэг жил буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-ны өдөр болгож татахаар шийдвэрлэлээ" гэв.
Д.Батчулуун