Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2022 онд манай байгууллагын байршлууд дээр давхардсан тоогоор 4 сая гаруй иргэн үйлчилгээ авсан байдаг. Харин цахимаар 6 сая гаруй иргэн үйлчилгээ авсан байдаг. Цахимжилт сайн хийгдсэн салбар ч гэсэн цахим дээр хийсэн зүйлээ бичгээр дахин бүрдүүлдэг. Архивын дүрэм журмууд ийм байдаг. Иргэдийн зүгээс улирал тутамд 100 мянга орчим өргөдөл, гомдол ирдэг. Иймд дахин инженерчлэлийг хийснээр өргөдөл гомдол, салбарын дарамтыг бууруулна.
Нийгмийн даатгалын багц хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих гэж байна. Дахин инженерчлэлийг хийж, журмуудыг иргэдэд ээлтэй байхаар оруулж өгсөн.
Төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалт аймаг орон нутагт бүгд ижил байдаг. Үүнийг хийж буй үйлчилгээ, гүйлгээний тоогоор нь, мөн хүн амын тоогоор нь уялдуулж, харилцан ялгаатай хийх ёстой гэдэг шийдэлд хүрч байна.
Засаг даргадаа үйлчилгээ үзүүлэх гэж байгаа юм шиг Засаг даргын тамгын газраа тойроод бүх төрийн байгууллагууд нь байдаг. Төв төрт иргэний үйлчилгээ биш, иргэн төвтэй төрийн үйлчилгээг нэвтрүүлнэ.
Дахин инженерчлэлийн дүгнэлтээр Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Дүн шинжилгээнд үндэслэн дараа дараагийн хуулиудад өөрчлөлт оруулна" гэв.
Д.Батчулуун