Нүүрс тойрсон дуулиан 10 жилд нэг гардаг зүй тогтолтой мэт. Нүүрсний хулгайн 22 хэргийг мөрдөн шалгаж байгааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АТГ-ын ахлах комиссар М.Даваатогтох хэлж байв. Тухайн үед хахууль авах гэмт хэрэгт 23 хүн, албан тушаалаа урвуулан ашигласан 8 хүнийг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хоёр хүнийг зэрэг нийтдээ 35 хүнийг яллагдагчаар татсан юм. Сануулахад, нүүрсний борлуулалт, олборлолт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах явцтай холбогдуулан
-
Ерөнхийлөгч асан Х.Баттулга
-
ЕТГ-ын дарга асан Ө.Шижир
-
ЕТГ-ын дарга асан З.Энхболд
-
ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат
-
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
-
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
-
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
-
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
-
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
-
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
-
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
-
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
-
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
-
Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
-
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан А.Ариунболд
-
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг
-
Эрхэт Монгол ХХК-ийн захирал Х.Мандахбаяр гэх албан тушаалтнуудын нэрийг зарлаж байлаа.
Гэвч хэргийн ул мөр замхарсаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хоёр дээр торж үлдэв. Гэвч тэд өөрсдийгөө гэм буруугүй л гээд байгаа. Мэдээж, хань бараатай холбогдох хүмүүс бий.
Өдгөө нүүрсний хэргийн шүүх хурал цагдан хорьсон байдалтай үргэлжилсээр байна. Холбогдогч этгээд Б.Ганхуягийн биеийн байдал хоригдоход хүндрэлтэй байгаа гэх. Энэ мэтээр албан тушаалтнуудын холбогдсон хэргийн шүүх хурал ч дуусахгүй, хавтаст хэрэг ч хаагдахгүй.
Нүүрсний сонсгол явуулахаар байгуулсан түр хороо нь түгдэрч гацсаар он гарахын алдад ухасхийж мэдэхээр төлөвтэй байна. Тодруулбал, УИХ-ын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах Түр хороог байгуулсан юм. Энэ хороо өчигдөр (2023.10.31) хуралдлаа. Даргаар нь Х.Нямбаатар томилогдоод байсан ч албан тушаал өөрчлөгдсөн тул УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж буй.
Хуралдаанаар холбогдох хэргийн сонсголыг хоёр удаа зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн билээ. Эхний сонсголыг ирэх арванхоёрдугаар сарын 4-8-ны өдөр, хоёр дахь сонсголыг арванхоёрдугаар сарын 8-22-ны өдөр тус, тус хийхээр төлөвлөж, шахуу цаг хугацаанд хичээн ажиллана гэв.
Гэтэл өмнөх Түр хорооны шинжээчдийн ажилласан 40 хуудас материал буй боловч гарын үсгээр баталгаажаагүй, улмаар нэгдсэн шинжээчийн дүгнэлт гаргаагүй учраас нотлох баримтын шаардлага хангаагүй хэмээн үзжээ.
Эндээс харвал цаг гарздсан түр хороотой хэсэг "зууралдсан" байна. Ингээд зогсохгүй, өмнөх шинжээчдийн бүрэлдэхүүнд сонирхлын зөрчилтэй хүн ажиллаж байсан гэж үзэж байгаа аж.
Цаашилбал, энэ хэргийн шүүхийн сүүлчийн алх оны өмнө дуугарч мэдэх юм. Яллагдагчид гэм буруугүй хэмээн өөрсдийгөө өмөөрсөөр байгаа тул хавтаст хэрэг хаагдсан ч хаагдаагүй нь дайтай үлдэнэ гэсэн үг. Түүнчлэн зарласан 17 нэрний учрыг сонгуулийн шуугианаар мартагнаж болохгүй.
М.Жаргал