Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.
Айлчлал энэ сарын 1-5-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй юм. Мөн 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгтой албан ёсны хэлэлцээ хийж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой уулзана.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ, Ерөнхий сайд Фам Минь Чинь нар тус тус бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.