Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны наймдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулав.
Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдааныг монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, чехийн талаас Үйлдвэр худалдааны яамны Тэргүүн захирал Мариан Пиеха нар тус тус даргалав.
Хуралдаанаар хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэх, Монгол, Чехийн эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг өргөн асуудлаар ярилцаж, хуралдааны дүн бүхий прокотолд талууд гарын үсэг зурлаа.
Мөн хуралдаанаар олон улсын авто тээврийн харилцааны хэлэлцээр байгуулах, угсармал орон сууцны лифтийг шинэчлэх, металл боловсруулах үйлдвэрлэл, хамтран байгуулах, зарим орон нутгийн нисэх онгоцны буудлуудыг шинэчлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх, сүүний шинжилгээний түргэвчилсэн явуулын лаборатори байгуулах, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэх, химийн болон нефтийн үйлдвэрлэлийн чехийн дэвшилтэт технологи, туршлагыг нэвтрүүлэх, өвлийн спортын ордон байгуулах, хог хаягдлын менежмент зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.
Хамтарсан хорооны наймдугаар хуралдаанд чехийн талын төлөөлөгчдийг ахалж Чехийн Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречка тэргүүтэй Чехийн Үйлдвэр худалдааны яам, Байгаль орчны яам, Хөдөө аж ауйн яамны албаны төлөөлөгчид оролцов. Мөн хуралдааны хүрээнд Монгол-Чехийн бизнес форум МҮХАҮТ-д зохион байгуулж буй бөгөөд чехийн талаас барилгын зураг төсөл, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, өмгөөллийн фирм, эрүүл мэнд, эмийн үйлдвэрлэл, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эрүүл мэндийн даатгал, хөдөлмөр зуучлал, тээвэр, логистик, зээлийн даатгал, зөвлөгөө үйлчилгээ, зэрэг салбарын 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно.