Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах гэдэг нэртэй анхдагч хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна. Хамтад нь 30 хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа. Өнөөдрийн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллуудыг орон сууцжуулахад шаардлагатай эрх зүйн орчин, газар чөлөөлөлт, захиргааны шинжтэй эрх хэмжээг нийслэлийн ИТХ, Засаг даргад олгох агуулгатай анхдагч хуулийн төсөл юм.
Өнөөдрийн байдлаар 720 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна гэх мэдээллийг Авто тээврийн үндэсний төвөөс авсан. Сүүлийн гурван жилд импортоор орж ирж буй авто машины тоо жил бүр 47-50 мянга байна.
Энэ өсөлтөөр явбал дөрвөн жилийн дараа сая орчим автомашинтай болно. Нийслэлээс өмнө авто замын сүлжээг өргөсгөх, гүүр барих чиглэлд явж байсан. Сүүлийн арван жилд нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээ 30 орчим хувиар өргөссөн юм билээ. Гэтэл 325 мянга байсан тээврийн хэрэгслийн тоо өнөөдөр 720 мянгад хүрсэн.
Авто замыг өргөжүүлж, сунгаснаар авто замын түгжрэлийг бууруулж чадахгүй гэдэгтэй эвлэрэхээс өөр аргагүй.
Энэ хуулийн төслийн эхний заалт бол Нийслэл Улаанбаатар хотод олгогдох автомашины дугаарын дээд хязгаарыг тогтоох зохицуулалт орсон. Тэрхүү тогтоосон дээд хязгаарыг түгжрэл саарсан үед нэмэгдүүлэх боломжтой уян хатан зохицуулалтыг оруулсан" гэв.
Д.Батчулуун