Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Бизнес, худалдааны яамны Аж үйлдвэр, эдийн засгийн аюулгүй байдлыг хариуцсан төрийн сайд бөгөөд ЗГХЭГ-ын Хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хариуцсан төрийн сайд Нусрат Гани тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлууд, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Хотын дарга Х.Нямбаатар “500-600 мянган хүн оршин суухаар төлөвлөгдсөн Улаанбаатар хотод 1.7 сая орчим хүн одоогоор амьдарч байна. Иймд агаарын бохирдол, түгжрэл зэрэг асуудал тулгамдаж байгаа. Үүнийг шийдэхийн тулд нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт танилцуулсан. Хууль батлагдсанаар гэр хорооллыг дахин төлөвлөж, агаарын бохирдол, түгжрэлийг шийдэх боломж бүрдэнэ. Энэ хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж байна” гэв.
ИБУИНХУ-ын Бизнес, худалдааны яамны Аж үйлдвэр, эдийн засгийн аюулгүй байдлыг хариуцсан төрийн сайд бөгөөд ЗГХЭГ-ын Хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хариуцсан төрийн сайд Нусрат Гани “Их Британи нь нийтийн тээврийн чиглэлээр хуримтлуулсан туршлага сайтай, судалгаа, ТЭЗҮ олон бий. Иймд энэ салбарт болон агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх чиглэлээр хамтран ажиллах, санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр санал болгох бүрэн боломжтой” хэмээжээ.
Цаашид хийж, хэрэгжүүлэх ажил, хамтын ажиллагааны боломжийн талаар ийнхүү санал солилцоход таатай байх болно гэдгээ талууд уулзалтын төгсгөлд уламжилсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.