Чуулганы индэр дээрээс ч, мэдээллийн микрофоны ард ч татвар шиг мөлжүүртэй сэдэв үгүй боллоо. Гэнэт сэрж мэдэрсэн мэт тал талаас нь татварын тухай сэдвийг мөлжиж гарав. УИХ-ын дарга Г.Занданшатар татварын асуудлыг 100 мянган иргэнээр хүч нэмэгдүүлэн сөхөж, түүнийг нь МАН, АН-гүй "манах" болсон.
Сангийн сайд Б.Жавхлангийн байр суурь "нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох"-ын эсрэг байгаа. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар "иргэдийн саналыг үнэгүйдүүлэхгүй" гэж шийдсэн хариулт өгсөн.
Нэгэнт ард түмний хүсэл хэмээвч эсэргүүцсэн хэвээр "ад үзэгдэх зориг" Б.Жавхлан сайдад байгаа эсэх.
Харин Ардчилсан нам яахин энэ сэдвийг тойрч гарах билээ. Өөр хувилбар яригдлаа. Зөвхөн НӨАТ-ын татвараар зогсохгүй ард иргэдээс авдаг бүх татаасыг бууруулах хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлээд амжив.
Үүнээс харвал энэ оны төгсгөл рүү АН, МАН хоёул татвар дээр тал талаас нь дөрөөлж, нэг моринд сундлан давхих бололтой.
Буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэх хуулийн төсөлтэй хамт, НӨАТ-ыг 5 хувь болгох санаачилгаа зүтгүүлэх талаар Б.Пүрэвдорж гишүүн ярилаа. Энэ асуудлын салхи хаашаа эргэхийг эрх мэдэлтнүүд л шийднэ. 2024 оны сонгуульд хэний гарт лоозон, хэний гарт хуулийн төсөл байхаас шалтгаалан оноо авч мэднэ.
Татвар татаастаа "мадлуулсан" бүхний нуруунаас ачаа хөнгөлнө гэхэд хэн дургүй байх билээ. Гэвч эдийн засгийн сэргэлтийн төлөө энэ биеэ үл хайрлан НДШ, ХХОАТ-аа төлсөөр байх нь дамжиггүй биз.
М.Жаргал