НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох 100 гаруй мянган иргэний цахимаар дэмжсэн саналыг УИХ-ын Төсвийн байнгын хороонд өнгөрсөн баасан гарагт шилжүүлсэн. Уг асуудлаар нийгэмд хэлэлцүүлгүүд ихээр өрнөж буй. УИХ-ын гишүүдийн хэвлэлд өгсөн зарим байр суурийг онцолж байна.
УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга харицлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр "Татварын үндсэн зарчим тэгш шударга байх ёстой. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр 615 тэрбум олох хэцүү гээд байна. Энэ үгүй юм. 2022 онд Авлигатай тэмцэх газар төсөвт 2,3 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн. Уул уурхайн биржийн тухай хуулийг баталсан. Нүүрс, төмрийн хүдрийг зарж орлого олсон. Одоо зэсээ худалдах хэрэгтэй. Зэс тойрсон шимэгч нарыг болиулах хэрэгтэй. Зэсийг худалдвал их наядаар орлого нэмэгдэх магадлалтай. Бидэнд боломж байна. Зохицуулалтай төртэй улс орон хөгжиж байна. Бид ядаж төсвөө алдагдалгүй батлах хэрэгтэй. Зардлаа хэмнэх хэрэгтэй. Энэ мэт олон хэмнэлтээс 615 тэрбум байтугайг олно. 100 мянган хүн санал өгнө гэдэг асуудал байна гэсэн үг учраас УИХ хэлэлцэх ёстой" гэв.