НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох 100 гаруй мянган иргэний цахимаар дэмжсэн саналыг УИХ-ын Төсвийн байнгын хороонд өнгөрсөн баасан гарагт шилжүүлсэн. Уг асуудлаар нийгэмд хэлэлцүүлгүүд ихээр өрнөж буй. УИХ-ын гишүүдийн хэвлэлд өгсөн зарим байр суурийг онцолж байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "УИХ цахим тогтолцоог ийнхүү нэвтрүүлж, ард түмнийнхээ дуу хоолойг сонссон нь ардчиллын том хэлбэр гэж харж байна. Аливаа зүйл цагаа олж, дэмжлэг авах хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, өөрчлөлтийг ард түмэн хүсч байна гэсэн үг. Харин НӨАТ-ыг хуваалцдаг болсон хууль бус үйлдийг мэдээд байгаа мөртлөө засахгүй сууна гэдэг хууль тогтоогч бидэнд байж боломгүй зүйл. Юуны төлөө төр байгаа билээ. Зах зээлийн зохицуулалтыг НӨАТ-ын энэхүү татварын буцаан олголтод өөрчлөлт хийснээр зөв голидролд нь оруулах ёстой. Нэг жилийн дотор 5 их наядаар эдийн засгаа тэлж чадаж байгаа учраас 615 тэрбум олоход эргэлзээ байж болохгүй. Өнөөдөр энэ санал өгсөн 100 мянган иргэнийг үл тоогоод, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлж чадахгүй бол ардчилал гэж яриад хэрэггүй. Харин цаашид ард иргэдийн саналыг авч олон хуульд өөрчлөлт оруулж, хэлэлцэх эхлэл гэж харах ёстой. Хууль тогтоох үйл ажиллагаанд ард иргэдийн оролцоог нээж өгч байна шүү дээ" гэв.