НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох 100 гаруй мянган иргэний цахимаар дэмжсэн саналыг УИХ-ын Төсвийн байнгын хороонд өнгөрсөн баасан гарагт шилжүүлсэн. Уг асуудлаар нийгэмд хэлэлцүүлгүүд ихээр өрнөж буй. УИХ-ын гишүүдийн хэвлэлд өгсөн зарим байр суурийг онцолж байна.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар "УИХ-ын тухай хуулийн 39.2-т нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим технологиор санал авахаар хуульчилсан. Богино хугацаанд иргэд саналаа өгч, 100 мянгад хүрлээ. Иргэд эрх ашгийнхаа төлөө дуугарч чадлаа. Одоо УИХ-аар хэлэлцүүлэх нь тодорхой боллоо. Хууль учраас хуулийнхаа дагуу явна. УИХ хэлэлцэнэ. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэхэд Сангийн яам 600 гаруй тэрбум шаардлагатай гэсэн бол Худалдаа аж үйлдвэрийн танхимынхан 400 гаруй тэрбум гэсэн тоо хэлсэн. Ингэж 200 тэрбумын зөрүү гаргаж болохгүй шүү дээ. Тооцоо тодорхой бус байна. Аж ахуйн нэгжийнхэндээ илүү итгэж байна. Яагаад вэ гэвэл тэд өөрийнхөө мөнгийг тоолж байна шүү дээ. Тиймээс бодит, тооцоо судалгааг гаргахын тулд хэлэлцэх ёстой. Монгол Улсын 100 мянган иргэн саналаа өгнө гэдэг их тоо. Цахим системд нэвтэрч санал өгөх бас тийм ч амар биш. Гагцхүү саналаа өгье гэж хичээсэн хүн л өгч байгаа учраас НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх санал бол ард түмний хүсэл сонирхол юм" гэв.