Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл өгөв.
Тэрбээр, "НӨАТ-ын буцаан олголтын хувийг 5 болгон нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар өргөн барих эрхтэй юу, үгүй юу гэх асуудал хуулийн зохицуулалтын хувьд эргэлзээтэй. 2020 оны тавдугаар сарын 24-нд би НӨАТ-ын хувийг 5 болгох буюу буцаан олголт 2 хувь, төлөх нийт татвар 3 хувь байна гэсэн хуулийн төслийг өргөн барьж байсан.
10 хувийн НӨАТ-тай байгаа тохиолдолд 5 хувийн буцаалттай боллоо ч татварын бааз суурь хангалттай нэмэгдэхгүй. 120 мянган ААН-ийн 80 мянга нь НӨАТ төлөгч, 250 мянган хувиараа бизнес эрхлэгчийн 50 мянга нь НӨАТ төлөгч. Үлдсэн нь татвар төлөгчөөр орж ирэхгүй байх нөхцөл үүсээд байна. НӨАТ-ын татварын хувийг багасгаж байж бүгд татвар төлж, далд эдийн засаг ил болно гэсэн тооцоолол гарсан.
Г.Занданшатар даргын санаачилсан хууль иргэдийн анхааралд орсон учраас хэлэлцүүлэхээс өөр аргагүй. НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг хамтатгаж хэлэлцэх санал гаргана. Ардчилсан нам иргэдэд илүү боломжийг олгох, бизнесийг өргөжүүлэх, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх үүднээс энэ асуудалд хамтарч оролцоно гэсэн байр суурьтай байгаа" гэв.
М.Дэвээжаргал