УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Орон нутгийн сонгууль иргэдэд нээлттэй, тэдний оролцоог хангах чиглэлээр нэмэлт өөрчлөлтийг хуульд оруулах хуулийн төслийн өнөөдөр бүлгийн гишүүддээ танилцууллаа. Нэгдүгээрт, орон нутгийн сонгууль иргэдэд нээлттэй, ил тод, иргэдийн оролцоотой байх чиглэлд нэмэлт өөрчлөлтүүдийг хийж өгсөн.
Улсын хэмжээнд санал авах байр буюу хэсгийн хороо 2,148 бий. Эдгээр хэсгийг бүрэн камержуулснаар хөндлөнгийн хяналт тавих боломж бий болно. Сонгуулийн зардлыг бууруулах, сурталчилгааг оновчтой, хүртээмжтэй байдлаар явуулах чиглэлд хэд хэдэн зүйл заалтыг хуулийн төсөлд оруулсан. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид мөнгөний нөлөөлөлгүй байх зарчмыг тусгаж өгсөн. Нэгдүгээрт, самбарын асуудал бий. Самбарын биш бодлогын өрсөлдөөнийг Орон нутгийн сонгуулийн тухай хуульд оруулж өгөх ёстой.
Сонгуульд мөнгөтэй хүн нэр дэвшдэг гэх буруу ойлголтыг халах нь гол хуулийн зохицуулалт болж өгсөн.
Сонгуулийн сурталчилгааны үед 70-80 мянган самбар улсын хэмжээнд хэвлэгддэг. Хэн мөнгөтэй боломжтойгоо харуулсан самбарын өрсөлдөөн ингэж явагддаг байсан. Иргэдэд ойлгомжтой мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн нэгдсэн самбартай болгох талаар тусгасан. Ингэсээр улсын хэмжээнд 1,523 самбар хийгдэж зардал буурна. Сонин хэвлэл, сэтгүүл, ухуулагчдын тоог багасгаж өгсөн" гэв.
Д.Батчулуун