Голын ай савд баригдсан гэх Шунхлай ШТС-ын үндсэн барилгыг буулгаж байна. Тодруулбал, үерийн эрсдэлтэй бүс буюу ХУД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай ШТС-ыг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн наймдугаар сард гарсан юм. Энэ үеэр НЗД-ын орлогч П.Сайнзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Голын ай сав газарт баригдсан барилгыг харилцсан тохиролцсон учир газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Шунхлай компани нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлыг дэмжсэн, мөн холбогдох байгууллагын зөвшөөрөлтэй байсан гэдгийг дурдъя. Буулгасны дараа Улаанбаатар хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах, үер усны гамшгаас хамгаалах чиглэлээр үерийн байгууламж, голын ай савыг хамгаалах чиглэлээр барилга барина.
Өмнөх шийдвэрүүд албадан буулгах чиглэлтэй байсныг бид хувийн хэвшилтэй ойлголцсоны дүнд нийслэлчүүдийн нийтлэг эрх ашгийн төлөө хамтран ажиллаж, маргааныг шүүхээр биш ярилцсны үндсэнд түргэн шуурхай шийдэхийг урьтал болгосон.
Хавар шар усны үер буух эрсдэлтэй, ирэх жилийн бороо биднийг ажлаа хийж дуусахыг хүлээхгүй шүү дээ. Төрийн нэрээр далайлгах бус хуулийн хүрээнд харилцан ойлголцоно. Шунхлай ШТС-ын барилгыг 11 сарын 5-ны өдөр гэхэд бүрэн нураахаар тохирсон.
S'outlet барилгыг эзэмчигч төлөөлөлтэй би уулзсан. Аливаа зүйлийг нааштайгаар ойлгож байгаа. Урьдчилсан байдлаар ойлголцсон. Шүүхийн маргааныг хүлээвэл хугацаа идсэн, сунжирсан асуудал болно.
Манай улсад 7-оос дээш давхартай барилгуудыг нурааж байсан туршилга байдаггүй юм билээ. Тиймээс энэ асуудалд гадаадын хуулийн этгээдийг оролцуулах байдалтай болохыг үгүйсгэхгүй. Нэгэнт гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангана.
Газар чөлөөлөхөд харилцан адилгүй зардал гарч байгаа. Аль болох төсвийн зардлыг үр ашиггүй зүйлд зарахгүй. Цаашид энэ газруудад инженерийн зөв шийдэлтэй байгууламж барьж, хөрөнгийг төсөвт суулгаад явна.
Шунхлай ШТС-ыг нураахад 300 сая төгрөгийн зардал гарч байна. Хийцлэлийн хувьд хамаагүй гайгүй учраас тэр. Шатахуун түгээх станц тул жирийн нэг иргэн, барилгын компани ирээд нураах боломжгүй. Галын аюултай нөхцөл байдал байна.
Харин "Agua Garden" хорооллын хувьд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явж байгаа. Шүүхийн шийдвэрийг албажихаар эргэж мэдээлнэ.
Газрын зөвшөөрөл өгөхдөө хууль зөрчсөн үү, үгүй юу гэдэг тусдаа асуудал. Үнэхээр хууль зөрчиж зөвшөөрөл өгсөн бол буруутай этгээдүүдээс энэ зардлыг олж авна" гэлээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)