Улсын Их Хурлын "Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлсэн.
Хуралдааны эхэнд Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хянан шалгагч нарыг томилсныг тодотгоод өнөөдрийн хуралдаанаар Хянан шалгагчийн ажлын даалгаврыг батлах, нотлох баримт гаргуулах тухай Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэхээр болсныг танилцуулав.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Ажлын даалгаврын 2 дугаар зүйлд уламжлалт анагаах ухааны эмчилгээнд ашигладаг эм болон эмийн түүхий эд, чанар, аюулгүй байдал, бүртгэлийн асуудлыг тусгах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут “Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гаалийн ерөнхий газар, бусад хяналт, шалгалтын байгууллагуудтай хамтраад цахим орчинд эм худалдан борлуулах асуудлыг зохицуулах шаардлагатай байна. Иймд энэ асуудлыг ажлын даалгаварт тусгах нь зүйтэй” гэсэн санал хэлэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен “Эмийн үнийн өсөлттэй холбогдуулан эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангууд зохиомлоор үнэ нэмэгдүүлж буй эсэхийг сайтар судлах чиглэлийг хянан шалгагч нарт өгөх нь чухал” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт дахь эмийн чанар, аюулгүй байдлын чанарын баталгаажуулалтаас гадна биологийн нэмэлт бүтээгдэхүүн, амин дэм, бүртгэлгүй эмийн импортын асуудлыг судлах, хянах зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн олон улсын стандартын хэм хэмжээнд эмийн чанарын хяналтын лабораториуд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хянах шаардлага буй тул Стандарт, хэмжил зүйн төвтэйгөө хамтрах нь чухал” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн “Зөрчлийн тухай хуульд ямар ч бичиг баримт бүрдүүлэхгүйгээр амин дэм болон нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж болно гэж заасан байдаг. Тухайн үед би энэ асуудлыг яриад зөвөөр ойлгуулж чадаагүй. Иймд энэ асуудлыг шалгах нь зүйтэй" гэхийн зэрэгцээ гишүүдээс гаргасан саналуудыг тогтоолын төсөлд тусгахаар болов.
Хянан шалгагчийн ажлын даалгаврыг батлах, нотлох баримт гаргуулах тухай Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.