Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой асуудлаарх УИХ-ын хяналтын сонсгол болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайханы Телевиз болон сошиал ертөнцөөр дамжуулан хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ? гэх асуултад ЦХХХ-ны сайд Н.Учрал хариуллаа.
Тэрбээр, "Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нарт тусгай зөвшөөрөл олгохдоо 6-12 дээш насныханд зориулсан 130 цагаас багагүй хугацааны контент үйлдвэрлэх, 3-6 насны ангилалд зориулсан 90-өөс багагүй цагийн нэвтрүүлэг бэлтгэх гэхчлэн гэрээ байгуулдаг. Гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах шаардлагыг тавьсаар ирсэн. Өнгөрсөн жилийг бодвол хүүхдэд зориулсан контентын тоо нэмэгдсэн байна.
Өргөн нэвтрүүлгийн хуулийг дагалдуулан өргөн нэвтрүүлгийн сан байгуулахаар хуульчилсан ч өдийг хүртэл байгуулаагүй юм билээ. Өргөн нэвтрүүлгийн сангийн журмыг ЗГ-аар батлуулаад, энэ жил 2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэхүү журмыг ЦХХХЯ-аас хүүхдэд зориулсан контент үйлдвэрлэхэд зориулна гэж хуралдаанаар оруулсан.
Түүнчлэн хүүхдэд зориулсан контент үйлдвэрлэх нь ашгийн бус учраас төдийлөн үнэгүй түгээх сонирхол бага байдаг юм байна. Тиймээс үүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор өргөн нэвтрүүлгийн телевиз гэхгүйгээр бүх контент бүтээгчдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Үүний дотор цахим орчинд хүүхэд хамгааллын талаар, гэр бүлийн хүмүүжил, мөн тоон бичиг үсгийн ур чадварын талаар гэх мэтчилэн ангилал гаргасан. Тиймээс өргөн нэвтрүүлгийн сан бол тодорхой хувь нэмэр оруулна.
Засгийн газрын хэд хэдэн тусгай сан бий. Бүгд агуулгаа хүүхэд рүү чиглүүлчихвэл энэ нийгэмд том өөрчлөлт гарна шүү дээ. Бүх яам нь сангуудаа хүүхэд хамгаалал руу заръя" гэлээ.
М.Дэвээжаргал