Эрүүл мэндийн сайд С.Чинзориг УИХ-ын дарга Г.Занданшатарт Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл өгөв.
Тэрбээр "Архи, тамхи болон эмийн онцгой албан татварын 1-2 хувиар Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгө бүрддэг. Энэ мөнгийг нийгэм, эрүүл мэндийн чиглэлээр сургалт, судалгаанд сургалт сурталчилганд зарцуулдаг байсан бол тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг тус сангаас санхүүжүүлдэг байхаар хуулийн төслийг өргөн барьж байна.
Хуульд өөрчлөлт оруулснаар:
- Монгол Улсад оношилж, эмчилж чадахгүй 26 төрлийн өвчин байна. Хуульд шинэ технологи нэвтрүүлэх санхүүг сангийн хөрөнгөөс гаргадаг байх зохицуулалт оруулж байна.
- Гадаад улс орон руу зайлшгүй шаардлагаар эмчилгээнд явж байгаа иргэдэд эмчилгээнд яваад ирсэн хойно нь олгодог төлбөрийн 5 хувийг үе шаттайгаар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
- Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх нь үүсээгүй амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгодог байхаар зохицуулна.
Мөн 2024 оны улсын төсөвт эрүүл мэндийг дэмжих санд онцгой албан татварын хувь хэмжээнийх нь хүрээнд буюу 10 тэрбум төгрөгийг тусгана. Ингэснээр Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтийн хэмжээ 5 дахин нэмэгдэнэ гэсэн үг" гэлээ.
Эрүүл мэндийг дэмжих санд архи тамхи, эмийн онцгой татвар 1-2 хувиар орлого бүрддэг. Жилд 10-12 тэрбэм төгрөг төвлөрөх боломжтой. Гэхдээ 2-хон тэрбум төгрөгийг энэ санд олгодог байсан. Энэ хөрөнгийг зөвхөн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт, судалгаа хийхэд зарцуулж байна.
М.Жаргал