Ардын намаас Архангайн хоёр гишүүн ар араасаа “арилсан” цаг хугацаа өнгөрч байна. Сонгуулийн “халуурал” дөнгөж эхэлж ахуйд шүү дээ. Нэг нь өөрийн хүсэлтээр гэсэн "сайхан тамга" даруулаад Солонгос руу яваад өгсөн, нөгөө нь аавын хаалга татах ялын тогтоол сонсчихсон.
Хөгжлийн банкны гэх хэрэг жилийн өмнөөс дуулиан тарьж 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг шүүхийн танхимд суулгасан билээ. Гэвч яван явсаар 32 хүнийг “яллагдагч” хэмээн гэм буруутайд тооцож, 48 яллагдагчийг гэм буруугүйд тооцсон юм. 2024 оны сонгууль ойртсон эл үед бүгд гэм буруугүй болчихвол хүчтэй эхлүүлсэн ажиллагаа “хошин шог” болох нь тодорхой байв.
Эргэн сануулахад, улс төрд нөлөө бүхий этгээд гэгдэх Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг үндэслэлгүй хөрөнгөжих, хахууль авах гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаж байлаа. Гэвч дөрвөн гишүүний ганц нь буюу УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үндэслэлгүй хөрөнгөжсөн, “НВЦ” компанид давуу байдал олгосон байж болзошгүй хэмээгдэж анхны шатны шүүхээс 6 жилийн “ялын тогтоол” сонссон юм.
Үүнтэй холбоотойгоор бүрэн эрхийн асуудал хөндөгдөөд буй. Давж заалдаж яваа гэдэгт МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн найдаж буй бололтой, тус шатны шүүх хурлын шийдвэр гарсны хойно УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг авч хэлэлцэх хуультайг дурдав.
Ё.Баатарбилэгийн хувьд хилийн хориг тавиулж, улстөрийн карьер нь өндөрлөхөд хүрч байна. Гэхдээ аль нэг үед “гэм буруугүй” гэгддэггүй л юм бол шүү дээ. Тэр бусдын л адил өөрийгөө гэм буруугүй хэмээн тайлбарлаж байв. Тодруулбал, тэрбээр “2007 онд хоёр орон сууцтай, нэг жийп автомашинтай гэж мэдүүлж байсан. 15 жилийн дараа буюу одоо бас л хоёр орон сууцтай, нэг жийп автомашинтай л байна” хэмээн өөрийгөө өмгөөлж, хөрөнгө орлого нь 388 сая төгрөгөөр нэмэгдсэний учрыг тайлбарлах гэж оролдож байлаа.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авилга, хулгай луйвартай “тэмцэнэ” гэсэн үгийн үзүүрт хамгийн түрүүн Ё.Баатарбилэг оногдсон хэрэг. Ийнхүү Архангайн иргэдийг ганц гишүүн төлөөлөн торойж үлдсэн билээ. Ирэх сонгуулиар энэ тойрогт МАН-аас хэн нэр дэвших нь мөн л үзүүштэй зүйл болно.
Тухайн хэрэгтэй мөр залган нүүрсний хулгайн хэрэг сөхөгдлөө. Хэргүүд ар араасаа илд агсан гарч ирээд толгой дараалан УИХ-ын танхимаас олзов. Энэ түйвээн дундуур УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт БНСУ-ыг зорьсон.
Тухайлбал, “ээжийн минь бие муу” гэх. Түүнийг казино дээр нэмээд нүүрсний хэрэгт сэрдэж эхэлсэн цаг шүү дээ. Яг л эгзэгийг нь тааруулж явсан. Тэрбээр өөрөө өөрийгөө “АТГ”-д шалгуулна гэсэн. Гэтэл “УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдалгүйгээр шалгуулахад бэлэн” гэж хэлээд яваад өгсөн юм. Архангай аймгаас сонгогдож, 7 жил гишүүн хийсэн тэрбээр өөрийгөө мөн л буруугүй хэмээн үзэж буй.
Үүнээс гадна Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарт амласан машинаа өгөөгүй гээд л Архангай аймгийн хоёр гишүүнийг тойрсон асуудал “инээдэм” шиг болсон юм.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (5)