Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улс цэргийн шинэчлэлийн гол зорилгоо “мэргэжлийн цэрэгт суурилсан, цэргийн мэргэжлийн өндөр бэлтгэлтэй бие бүрэлдэхүүн, орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчнийг байгуулна” хэмээн тодорхойлсон байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны холбогдох тогтоолууд, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийг тус тус үндэслэн Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газраас уг тогтоолын төслийг боловсруулжээ.
Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны өөрчлөлт, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын орчинд шинэ сорилтууд бий болсонтой холбогдуулан улс орнууд аюулгүй байдлын үзэл баримтлал, төрийн бодлогодоо батлан хамгаалах төсөв, зардлаа нэмэгдүүлэх болон зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогодоо ихээхэн анхаарч байна.
“Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь бүтцийн хувьд дэлхийн ба бүс нутгийн цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн нөхцөл байдал, Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийн өнөөгийн байдал, Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын чиглэл, Зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоо гэсэн дөрвөн бүлгээс бүрдэж байна.
Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх үйл ажиллагаа сайжирч, цэргийн урлагийн хөгжлийн чиг хандлага, Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэгт нийцсэн, шинжлэх ухааны ололт, инновац, дэвшилтэт технологид суурилсан өндөр бүтээмжтэй зэвсэглэл, цэргийн техникээр нөхөн хангах эрх зүйн орчин таатай орчин бүрдэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)