НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгож нэмэгдүүлэхийг 100 мянган иргэн дэмжлээ. Ингэснээр УИХ-ын дарга "ард түмний хүслээр" гэх үг "НӨАТ буцаан олголтыг таван хувиас доошгүй байхаар тогтоох" хуулийн төсөлтэй хүчирхэгжин УИХ-ын чуулганы танхимд морилох цаг нь ирлээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн эхээр буюу аравдугаар сарын 17-ны өдөр НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлэх санаачлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан билээ.
Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэхийн тулд төсвийн үргүй зардлыг танана
Тэрбээр энэ талаар "Буцаан олголтыг таван хувь болгож нэмэгдүүлсэн нөхцөлд иргэдийн гарт очих урамшууллыг өсгөхөд нэмэлтээр 600 тэрбум төгрөгийн эх үүсвэр төсөвт шаардлагатай гэх тооцоо гарсан. Тэгвэл энэ эх үүсвэрийг төсвийн үр ашиггүй зардлыг танах зарчмаар бүрдүүлэх боломжтой. НӨАТ-аас төсөвт төвлөрөх орлого, иргэдэд өгч буй урамшууллын өсөлт харилцан адилгүй, шударга бус байгааг сануулж, иргэдийн хэрэглээг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх боломж бий. Татварын урамшууллыг шударгаар тогтоох замаар иргэдийн хэрэглээг дэмжих, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах, цаашлаад татварын бааз суурийг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг хумих боломжтой" хэмээн мэдэгдсэн.
Б.Жавхлан: Хэрэв таван хувь болговол 600 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болно
Харин Сангийн сайд Б.Жавхлангийн байр суурь эсрэг байгаа. Тэрбээр "Ирэх онд буцаан олголтод ноогдох төсөв нь 400 тэрбум төгрөг. Хэрэв таван хувь болговол 600 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болно. Төрийн бодлого нь бага орлоготой иргэдээ дэмжихэд оршдог. Иймд бодлогоо хэн рүү чиглүүлж байгаагаа харах хэрэгтэй. Санал асуулгаа дуустал харъя л гэж байх шиг байна" гэсэн юм.
Уг нь “Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам”-ын 3.4-т заасны дагуу 100 иргэний дэмжлэг авсан тохиолдолд хоёр дахь шатны санал авах үйл ажиллагааг явуулах юм. Тухайлбал, 33 мянган хүний дэмжлэг авбал УИХ-д тухайн асуудлаар ажлын хэсэг, 70 мянган хүний санал авбал түр хороо байгуулна. Харин 100 мянган хүн таны санаачилсан өргөдлийг дэмжвэл энэ асуудлаар хууль батлах ажил эхлэх боломжтой аж. Харин өнөөдөр буюу уг санал авч эхэлсэн өдрөөс хойш долоо хоногийн хугацаанд 100 мянган иргэн дэмжсэн байна.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)