Манай сайтын "Долоо хоногийн онцлох хүн" буланд тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн эхээр НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх санаачлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан. Одоогоор тавхан хоногийн дотор 91 мянга гаруй иргэний саналыг аваад байна.
УИХ-ын дарга "ард түмний хүслээр" гэх үгээр хулдсан "нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох" хуулийн төсөлтэй хүчирхэгжин УИХ-ын чуулганы танхимдаа морилоход ойртсоор.
Гэвч Сангийн сайд Б.Жавхлангийн байр суурь эсрэг байгаа. Тэрбээр "Ирэх онд буцаан олголтод ноогдох төсөв нь 400 тэрбум төгрөг. Хэрэв 5 хувь болговол 600 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болно.
Төрийн бодлого нь бага орлоготой иргэдээ дэмжихэд оршдог. Иймд бодлогоо хэн рүү чиглүүлж байгаагаа харах хэрэгтэй. Санал асуулгаа дуустал харъя л гэж байх шиг байна" хэмээсэн.
Хоёр ноёны санал зөрөлдөж, УИХ-ын дарга Г.Занданшатар "иргэдийн саналыг үнэгүйдүүлэхгүй" гэж шийдсэн хариулт өгч байлаа. Харин УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ байдал ихэд хурцдав бололтой. Сангийн сайд Б.Жавхлангийн хэлсэн "хийрхэл" гэх үг УИХ-ын даргын омог дор сарнив.
Нэгэн цагт ард түмнийг НӨАТ-ын буцаан олголтоор амьдарч байна гэж нэг "хүү" хэлж байлаа. Өдгөө эл үг үнэний орыг дарж байгаа мэт болов. Татвар татаастаа "мадлуулсан" иргэдийн нуруунаас хөнгөлөх учиртай бодит ачаа нь асуудал хэвээр, худгийн ёроолд үлдэж байна.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (1)