УИХ-аас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилгоор D-parliament цахим системийг нэвтрүүлээд жилийн хугацаа өнгөрч буй. Тухайн цахим системийг хөгжүүлэн D-petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг боловсруулж, энэ сарын 17-ны өдөр танилцуулсан билээ.
Тодруулбал, тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол, мөн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол хэлэлцэх нөхцөл бүрдэнэ. Харин хуулийн төслийн талаарх саналыг 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Үүнтэй холбогдуулан системд хамгийн их санал авч буй 4 санаачилгыг хүргэж байна.
1. НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэх
УИХ-ын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг байршуулсан.
Дээрх цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш тав хоногийн хугацаанд 90 гаруй мянган иргэн дэмжин саналаа өгчээ.
2. Цалинтай ээж хөтөлбөрийн 50,000 төгрөгийг нэмэгдүүлэх
Иргэн Р.Цэндсүрэнгийн гаргасан дээрх санаачилгыг системд байршуулсан аравдугаар сарын 18-ны өдрөөс хойш 4 хоногийн хугацаанд 36 мянга гаруй иргэн дэмжжээ.
3. Багш нарын цалинг нэмэх
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд ажиллаж байгаа багш нарын цалингийн доод хэмжээг 1000 ам доллартой, боловсролын үйлчилгээний ажилтнуудын цалингийн доод хэмжээг 800 америк доллартой тус тус тэнцэхүйц болгох хуулийн төслийг санаачилсан байна хэмээн өргөдөлд дурджээ.
Энэхүү санаачилгыг байршуулснаас 4 хоногийн хугацаанд 14 мянга гаруй иргэн дэмжжээ.
4. Ипотекийн зээлийн хүүг бууруулах
Иргэн Ү.Баярын санаачилсан орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн хүүгээ бууруулж 6 хувийн хүүтэй болгох өргөдлийг 5 хоногийн хугацаанд 13 мянган иргэн дэмжжээ.
Та ЭНД дарж саналаа өгөх боломжтой.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)