БХБ-ын сайд Ц. Даваасүрэн 40, 50 мянгатын орон сууцуудад хийсэн шалгалтын үр дүнг мэдээлэв.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд 40,50 мянгатын 64 барилгад хяналт шалгалт хийхэд ноцтой нөхцөл байдал илэрчээ. Шалгалтаар 54 нийтийн орон сууцны 1 давхрын өргөтгөлийн 321 ААН байгууллага, СӨХ нь газар эзэмших гэрчилгээгүйгээр ашиглаж байгаа нь тогтоогдсон байна. Мөн 23 СӨХ, барилгын хувийн хэрэг хөтлөх, баримт бичгийн бүрдлийг хангахгүй байгаа нь тогтоогджээ.
Түүнчлэн 222 нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байжээ. Батлагдсан зөвшөөрөлгүйгээр орон сууцны барилгад өргөтгөл хийсэн байна. 6 өргөтгөлийн доор зоорийн давхар хийжээ.
161 өрөө тусгаарлах дундын ханыг буулгасан байна. Энэ нь нэгдүгээр давхарыг талбай болгосон байна гэсэн үг юм. 7 зоорь, хаалга гаргасан. 140 иргэн ААН-ийн 79 нь дулааны техникийн нөхцөл аваагүй, 65 барилгын халаалтын анхны төлөвлөлтийг өөрчилсөн. 43 нь агааржуулалтын систем ашиглалтын шаардлага хангахгүй, 345 нь барилгуудад аянга хамгаалалтын төхөөрөмж, газардуулга хийгдээгүй, 320-ийн өргөтгөлийн цахилгааны дотоод сүлжээний холболтын ажлыг чанар муутай гүйцэтгэсэн. 34 ресторан, цайны газарт шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг барилга дотор байрлуулсан зэрэг дүгнэлт гарсан байна.
Цаашилбал, галын аюулгүй байдлын дүгнэлтгүй 8, хийн алдагдал илрүүлэх дохиололгүй 15, хийн тоног төхөөрөмж, шугам хоолойг мэргэжлийн байгууллагаар угсруулж суурилуулаагүй 12, даралтат савны мэргэжлийн сургалтад хамрагдаагүй 24 иргэн ийм үйлчилгээ явуулж байна. Хий алдагдах, дэлбэрэх нөхцөл байдал бүрдсэн.
1955-68 онд баригдсан 40,50 мянгатын 64 орон сууцны төлөвлөлт үндсэн хийц бүтэц нь одоо мөрдөгдөж буй газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, барилгын норм, дүрмийн шаардлага хангахгүй байгаа аж. Мөн барилгын хийцийн материалын чанар, бат бөх байдал алдагдсан. Барилгын эзэмшигч, ашиглагч нь инженерийн шугам сүлжээний засвар ашиглалтын шаардлага хангаагүй.
Энэ мэт ноцтой үр дагаврыг дагуулж байгаа учир БХБ-ын яамнаас холбогдох газруудад арга хэмжээ авах мэдэгдэл хүргүүлжээ.
Үргэлжлүүлэн сайд Ц.Даваасүрэн "Эдгээр барилга иргэдийн аюулгүй байдлыг хангахгүй байна" хэмээн ярилаа.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)