Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуур нь хойд талаараа элсэн манхан, урд талаараа өндөр уулсаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар юм.
Тус нуурт хоёр төрлийн загас, арав гаруй төрлийн усны шувууд нүүдэллэн амьдардаг бөгөөд нуурын голд Д.Т.Д 2300 гаруй метр өргөгдсөн их бага хоёр Авгаш арал байдаг. Нуурын урт нь 33 км, өргөн нь 7 км бол гүн нь 16 - 50 метр байдаг бөгөөд нуурын эрэг орчим нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын чиглэлээр 22 айл, зөвшөөрөлтэй 4 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна.
Улаагчны хар нуур нь Улаагчны гол болон хур тунадсаар тэжээгддэг нуур бөгөөд 2012 оноос хойш 30 гаруй см-ээр нуурын түвшин багасаж, 2021 оноос хойш эргээсээ 4 орчим метр татагджээ. Иймд уг шалтгааныг тодорхойлох, цаашид хамгаалах зорилгоор “Усны газар” болон чиглэлийн эрдэмтэдтэй хамтарсан ажлын хэсэг байгуулж нэн яаралтай ажиллаж эхлэх үүрэг даалгаврыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа, Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд өглөө.
Хяналт шалгалтын ажилд Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр, Завхан аймгийн БОАЖГ-ын дарга Б.Мөнхбат, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн Т.Даваажаргал болон албаны хүмүүс ажиллав. Мөн нуурын эрэг дагуу аялж буй гадна дотнын аялагчдад элс нурах аюултай тул усанд болгоомжтой орох, хог хаяхгүй байх уриалж байна.
Эх сурвалж: БОАЖЯ