Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Хонам их сургуулийн Ерөнхийлөгч Пак Сан Чол, Монгол Улсаас БНСУ-д суугаа Өргөмжит консул Ким Мён Гүн нарыг өнөөдөр хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтаар Монгол Улсын Боловсролын их сургууль, Ханом их сургууль хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсанд баяр хүргэж, үр дүнтэй ажиллахыг хүслээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” хөтөлбөр, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа талаар мэдээлэл өглөө.
Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улсад 40 орчим мянган нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хэрэгцээ шаардлагатай байгааг дурдан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хонам их сургуулийн Ерөнхийлөгч Парк Сан Чол сайдтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаадаа баяртай байгаагаа уламжилж, Монгол Улсын их сургуулиудтай хамтран мэдээллийн технологи, соёл, урлаг, солонгос хэлний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд бэлэн гэлээ.