Монгол Улсын хүн амын тоо 3.4 сая. Гэтэл жил бүр нэмэгдэх зам тээврийн хэрэгслийн тооноос хамаарч нэг жилд дунджаар 500 орчим хүн зам тээврийн ослын улмаас амиа алдаж байна. Статистикаас үзэхэд зам тээврийн ослын улмаас нас барсан тохиолдлын 50-60 хувь нь амралт зугаалгын сар буюу 6, 7, 8, 9 сард гарчээ.
Иймд Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас энэ оны 06 дугаар сарын 30-аас эхлэн 8 дугаар сарыг дуустал зам тээврийн осол, хэргийн улмаас хуний амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх зорилгоор "НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ" нөлөөллийн аяныг улсын хэмжээнд эхлүүлж байна.
Тус аяны хүрээнд мэдээлэл сурталчилгааны ажлын зэрэгцээ орон нутгийн замын ханалт шалгалтыг эрчимжүүлнэ.
Өнгөрсөн онуудад "Яараад яахав дээ", "Ирээгүйгээ хамгаалъя", "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ зэрэг ухуулга нөлөөллийн аян, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсны үр дунд тухайн хугацаанд бүртгэгдсэн зам тээврийн ослын тоо 8.1 ээс 50.8 хүртэл хувиар буурсан эерэг үзүүлэлт гарч байсан байна.
Энэ удаагийн "НЭГ ЗАМ-НЭГ СОЕЛ" аяны онцлог нь замын хөдөлгөөнд оролцогчдыг замын хөдөлгөөний дүрмийн ойлголт мэдлэгтэй, дүрмээ баримталдаг болгох, жижиг гэлтгүй буруу үйлдлээр бусдын эрх, эрх чөлөө болон эд хөрөнгөд хохирол учруулдаг байдлыг бууруулах, зөв соёлтой хөдөлгөөнд оролцохыг уриалах юм.
Замын хөдөлгөөний дүрмийг баримталж зам гэсэн нэг л жимээр бие биедээ хүндэтгэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.
Замын хөдөлгөөний дүрэм бол амьдралын дүрэм юм.