“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар “Акуа гарден” /Авлига хороолол/ зэрэг Туул, Сэлбэ, Дунд голуудын урсцыг хязгаарлан, хууль зөрчин баригдаж буй барилгуудад аливаа хэлбэрээр цемент борлуулахгүй гэв. Тэрбээр энэ талаар
-"Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар хот болон зарим орон нутгуудад үер бууж, ард иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэнд болон нийтийн өмчид их хэмжээний хохирол учирч байгаа нь үер усны далан, суваг, шуудуу хааж барилга барьснаас шалтгаалсан талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлсэн. Иймд “Цемент шохой” ТӨХК нь “Акуа гарден” /Авлига хороолол/ зэрэг Туул, Сэлбэ, Дунд голуудын урсцыг хязгаарлан, хууль зөрчин баригдаж буй барилгуудад аливаа хэлбэрээр цемент борлуулахгүй болохыг мэдэгдэж байна. Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК нь төрийн өмчийн компанийн хувьд хууль дээдлэх, авилгаас ангид байж ирээдүй хойч үедээ шударга, аюулгүй, сайн сайхан нийгмийг бүтээхийн төлөө бусад цементийн үйлдвэр болон барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч, худалдан борлуулагч нарт эдгээр хууль зөрчин ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд аливаа барилгын материал нийлүүлэхгүй байхыг уриалж, үерийн хохирлыг арилгах, үерийн даланг сэргээн засварлах ажилд холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгааг үүгээр мэдэгдэж байна" гэв.
Сэтгэгдэл (3)