Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Жамсрангийн Ёндон агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хөшөөг түүний төрөлх нутаг болох Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд сүндэрлүүллээ.
Мөнххаан сумын түүхт 100 жилийн ойн баярын өдөр хөшөөний нээлтийн ёслолыг зохион байгуулж, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын бие бүрэлдэхүүн уригдан ирсэн хүндэт зочид, нутгийн ард иргэдэд жагсаалын үзүүлэх тоглолтыг толилуулсан нь цэрэг эх оронч үзэл, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлсэн ажил арга хэмжээ боллоо. Мөн ЦДБЭЧ-ын уран бүтээлчид урлагийн тоглолт хийлээ.
Төрөлх сумынхаа ойтой давхцан буй энэ хүмүүн бол чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин, БНМАУ-ын БХЯ-ны сайд, БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд бөгөөд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Цэргийн Ерөнхий дээд сургуулийн захирал, Хүндэт харуулын анхны дарга байсан юм. Багадаа хүрээ хийдэд шавилан сууж дараа нь Цэргийн ерөнхий сургууль, ЗХУ-д Буудлага тактикийн дээд курс, Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн академи, ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи төгссөн тэрбээр ард олноо “Рапорт Ёндон” хэмээн алдаршсан ажээ.