УИХ-ын гишүүн Н.Ганибал Газрын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хөрөнгө оруулалтын тухай хуульд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн заалт оруулж ирсэн юм билээ. Энэ нь газрыг 15-60 жил хүртэлх хугацаагаар гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 жилээр гадаадын хөрөнгө оруулагч нарт сунгаж өгнө гэсэн заалт бий. Харин Газрын тухай хуульд өөр заалт орсон. Тус хуулийн төслийн 44.5-т гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16.1.1-т заасан хугацаагаар газар ашиглуулах эрхийг олгоно гэж оруулсан юм. Энэ бол газрын тухай 100 жилийн асуудлаас өөр юм.
Малчдынхаа өнөөдрийн ашиглаж байгаа газрыг баталгаажуулах хуулийг албаны зарим хүн гуйвуулж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Таван гишүүний хувьд малчдынхаа өвөлжөөний газрыг баталгаажуулах хуулийг л өргөн барьсан.
Сүүлийн 30 жилийн хугацаанд малчдын ашигладаг бэлчээрээс 30 сая га талбайг уул уурхай, газар тариалан бусад салбарт ашиглаж байна. Малчид яагаад өөрсдөө ашиглаж чадахгүй байна вэ? Энэ бол бэлчээрийг хувьчилж байгаа асуудал биш. Тухайн малчин өрх өвөлжөө, хаваржааныхаа аль нэг дээр дулаан байшингаа барих, хашаанд орох газраа авах боломжийг нээж өгч байгаа.
Шуурганы үеэр жижиг хашаатай айлуудын мал дарагдсан. Үүний хэмжээг ихэсгэх боломжийг л нээж өгнө. Мөн тухайн малчин өөрийн газартаа ногоон тэжээл, хүнсний ногоогоо тарьж болно. Бидний өргөн барьсан хууль бол эх оронч хууль. Малчид газрыг өөрсдийнхөө амьжиргаанд ашиглах боломжийг албан ёсоор нээж өгч байгаа хууль юм" гэв.
Сэтгэгдэл (4)