Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин нэмэгдэж, үерийн далан сэтрэх, голын дагуух айл өрх усанд автах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул холбогдох байгууллагууд газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-Сүүлийн 2-3 хоног бороо орсны улмаас зарим байршилд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Ер нь гол дагасан орон сууцны хорооллуудын нөхцөл байдал нэлээн хүндэрсэн байгаа юм. Тухайлбал, Сэлбэ, Дунд гол үерлэн орон сууцны хороолол, зам усанд автсан. Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Буянгийн замд далан сэтэрч орон сууц, зам руу ус орсон байна. Мэргэжлийн байгууллага, албаныхан нөхцөл байдал хүндэрсэн эдгээр байршил дээр ажиллаж далан босгох, ус боох арга хэмжээ авч байна.
Мөн энэ сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Наадмын зам буюу Соёмботой хөшөөний арын замд үер буусан. Гудамж, зам руу орж ирсэн усны урсацыг хаахын тулд зам сэтэлсэн ч усны түвшин нэмэгдсээр байна. Үүссэн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах талаар нийслэлийн удирдлага, Нийслэлийн Онцгой байдлын газар тодорхой шийдвэрүүд гаргана. Цаашид бороо үргэлжлэн орох тул далан босгох, иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, сэрэмжлүүлэг мэдэгдэл хүргэх арга хэмжээг шуурхай авч ажиллана хэмээлээ.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар:
-Үер буусан, усанд автаж хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байршлууд дээр цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. Бид онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөлийг хангах, замын хөдөлгөөнд хяналт тавих зэргээр үүргээ гүйцэтгэж буй. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас энд 20 алба хаагч ажиллаж байна, дахин 20 алба хаагч нэмж ирнэ. Бид орон сууцны барилгуудын доод давхарт байгаа техник хэрэгслүүдийг гаргах, болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх, усанд автсан талбайд шороо, элс асгуулах арга хэмжээ авч байна. Одоогоор манай дүүргийн нутаг дэвсгэрт иргэд гэмтэж бэртсэн, хохирсон гэх мэдээлэл ирээгүй гэсэн юм.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Бэхбаяр:
-Сүүлийн хоёр өдөр бороо үргэлжилж орсны улмаас нөхцөл байдал хүндэрч байна. Сэлбэ гол дагасан орон сууцнууд, зуслангийн бүсийн айл өрхүүд усанд автах тохиолдлууд гарч эхэллээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан онцгой байдлын байгууллага, мэргэжлийн анги, албад, нийслэлийн холбогдох газрууд эдгээр байршил дээр ажиллаж арга хэмжээ авч байна. Сэлбэ голын дагуух эрсдэлтэй бүсэд 1000 айл өрх амьдардаг. Тэдэнд сэрэмжлүүлэг, мэдэгдлийг өгч ажиллаж байна. Дөнгөж сая манай аврагч хоёр хүүхдийг уснаас гаргалаа гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (1)