Улсын хэмжээнд 48 зуслан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэйгээс 38 нь үйл ажиллагаа явуулж байна. Энэ жил зуслангийн холбооноос хүүхдийн зуслангийн үнийг тогтоосон. Долоо хоног зусланд амрахад дунджаар 420 мянган төгрөг байгаа юм.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга н.Цогтбаатар энэ тухай ярихдаа, “Нийслэлийн хэмжээнд 22 зуслан мэдээллээ ирүүлж бүртгэлийн системд бүртгүүлсэн байна. Олон улсын Найрамдал зусланд хүүхдүүдээ амраах хүсэлт их ирсэн. Үүний дагуу бид шилэн хэлбэрээр тодорхой захиалга авахаар зохион байгуулсан. Үүнээс гадна хувийн 26 зуслан байна. Эдгээр зусланд хүүхдийг хүлээн авч, үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалтаа дээшлүүлж, хөтөлбөрөө сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа.
Мөн Засгийн газраас өгсөн нэг үүрэг бол дэргэдээ амралт, сувиллын газартай аж ахуй нэгжүүдийг зуслангийн хэлбэрээр салбарынхаа хүүхдүүдийг амраах боломж, бололцоог нь судалж амраах чиглэл өгсөн.
Эдгээрээс бид бүхэн судлаад 11 газраас энэ зуны долдугаар сард "Багабаян", "Сүүж уул" амралтын газруудад тодорхой хэмжээний хүүхдүүд амраах зохицуулалтыг хийж ажиллаж байна” гэв.