“Ялгавартай хураамжийн тогтолцоог хэрэгжүүлэх нь” сэдэвт олон улсын уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Уг олон улсын уулзалт семинарыг Монголын хадгаламжийн даатгалын корпораци, Олон улсын хадгаламжийн даатгалын холбоо хамтран Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй. Тухайлбал, 2022 онд Монгол Улс Евро-Азийн бүсийн даргалагч улсаар ажиллаж эхэлсэн бөгөөд уг уулзалтыг энэ жил эх орондоо зохион байгуулах боломж бүрджээ. Энэ уулзалтаар “Ялгавартай хураамжийн тогтолцоо”-г нэвтрүүлэх хэтийн зорилгын хүрээнд олон улсын сайн туршлагуудыг судалж, зөвлөгөө мэдээлэл авч санал солилцож байгаа юм. Ингэснээр өөрийн оронд тохирох арга замыг тодорхойлох, оновчтой шийдэлд хүрэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой аж.
С.Баатарсүрэн: Ялгавартай хураамжийн тогтолцоог Монголд хэрхэн хэрэгжүүлэх талаар туршлага судалж, мэдээлэл солилцож байна
Ийнхүү уг арга хэмжээний талаар “Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Олон Улсын хадгаламжийн даатгалын корпораци бол дэлхийн 100 гаруй оронд гишүүнчлэлтэй байгууллага юм. Эдгээр орнуудаас 40 орчим улс нь ялгавартай хураамжийн тогтолцоогоор хадгаламжаа даатгах системийн нэвтрүүлсэн. Монгол Улс энэ жил Евро-Азийн бүсийн жилийн уулзалтыг зохион байгуулж байна. Манай улс Евро-азийн бүсийг тэргүүлж буй улс орны хувьд энэхүү арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй.
Энэ жилийн уулзалтыг үр дүнтэй байлгах үүднээс "Ялгавартай хураамжийн тогтолцоо”-г нэвтрүүлэх нь гэдэг сэдвээр бүс нутгийнхаа улс орнуудаас зочид урьж, туршлага судлах байдлаар зохион байгуулж байна.
Манай улсын хувьд ижил хураамжийн тогтолцоотой явдаг. Тухайлбал, бүх харилцах хадгаламж эзэмшигчдийн даатгалын хураамжийг ижил түвшинд авдаг. Энэхүү арга хэмжээний хүрээнд Ялгавартай хураамжийн тогтолцоог хэрхэн Монголд хэрэгжүүлэх вэ гэдэг талаар туршлага судалж, мэдээлэл солилцож байна. Хадгаламжийн даатгалын систем өндөр хөгжсөн орнууд болох АНУ, БНСУ, Тайванийн хадгаламжийн даатгалын төлөөллүүд хүрэлцэн ирсэн” гэв.
Гурван өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээнд Евро-Ази бүсийн хорооны гишүүн улс болох Казакстан, Турк, Киргиз зэрэг улсуудаас гадна Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо, Европын банкны газар, АНУ, Япон, БНСУ, Тайван зэрэг бусад бүсийн орнуудын төлөөлөгчид оролцож байгаа юм.
Иймд гадаад улс орны төлөөлөгчдийн байр суурийг хүргэж байна.
Эдуард Гарнетт: Ялгавартай хураамжийн тогтолцоо бол даатгалын хураамжийг илүү шударга болгож өгдөг
Холбооны хадгаламжийн даатгалын корпорацийн Олон улсын хадгаламжийн даатгалын бодлого дэмжлэг хариуцсан дарга Эдуард Гарнеттай хэсэг хором ярилцлаа.
Тэрбээр “Юуны өмнө асуулт асуусанд баярлалаа. Монгол Улсад анх удаа ирж байна. Миний хувьд АНУ-ын Холбооны хадгаламжийн даатгалын корпорациас оролцож байгаа.
АНУ-ын хувьд санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, ялгавартай хураамжийн тогтолцоог хэрэгжүүлдэг. Тухайлбал, хүмүүс маш олон төрлийн хадгаламжтай байдаг шүү дээ. Эдгээр хүмүүст ялгавартай хураамжийн тогтолцоо маш чухал үүрэгтэй.
Ялгавартай хураамжийн тогтолцоо бол даатгалын хураамжийг илүү шударга болгож өгдөг. Банкуудын хувьд эрсдэл дээрээ үндэслээд хураамжаа тооцдог. Ингэснээр банкууд эрсдэлээ удирдах, хөрөнгө оруулах чиглэлээр түлхүү арга хэмжээ авдаг. Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд миний бие илтгэл тавьж, АНУ-ын туршлагаас хуваалцаж байна” гэв.
Бауржан Тинассилов: Хадгаламжийн даатгалын систем хүн амын аюулгүй байдлыг хангадаг
Мөн уг арга хэмжээний үеэр Казакстаны холбооны даатгалын сангийн ахлах шинжээч Бауржан Тинассилов байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Хадгаламжийн даатгалын систем бол маш чухал. Яагаад гэвэл хүн амын аюулгүй байдлыг хангаж өгдөг. Хүн болгон банканд өөрийн гэсэн хадгаламжтай байгаа шүү дээ. Хадгаламжийн даатгалын систем бол банканд байгаа бүх мөнгийг хамгаалж байдаг. Энэ мэдээж тодорхой хязгаартай. Хадгаламжийг хүмүүс мөнгөө эргүүлэн авахад баталгаатай зүйл хэмээн үзэж хадгаламжид итгэх итгэл нь өндөр байдаг” гэв.
Жэйхүүн Юү: Ялгавартай хураамжийн тогтолцоог хэрэгжүүлснээр улс орны төдийгүй, бүс нутгийн хэмжээн дэх санхүүгийн тогтвортой байдлыг хангах чухал ач холбогдолтой
БНСУ-ын Холбооны даатгалын корпорацын гүйцэтгэх захирал, доктор Жэйхүүн Юүтэй хэсэг хором ярилцлаа.
Тэрбээр "Сайн байна уу. Солонгосын хадгаламжийн даатгалын корпорацын Гүйцэтгэх захирал Жэйхүүн Юү байна. Солонгосын хадгаламжийн даатгалын корпораци нь 2014 оноос эхлэн ялгавартай хураамжийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн. Анх 2009 онд Хуульд нэмэлт өөрчлөлт оруулж бүтэн таван жилийн турш холбогдох бэлтгэл ажлыг хангаж ажилласан байдаг. Ялгавартай хураамжийн тогтолцоо нь олон давуу талтай. Тухайлбал, хадгаламжийн даатгалд хамрагдсан санхүүгийн байгууллагуудын эрсдэлийн түвшинг харгалзан хураамжийн хэм хэмжээг тогтоож өгдөг тул санхүүгийн байгууллагууд өөрсдөө эрсдэлийн түвшингөө бууруулахад анхаарч ажиллах хөшүүрэг нь болж өгдөг давуу талтай.
Энэхүү Монголын хадгаламжийн даатгалын корпорациас зохион байгуулж буй "Ялгавартай хадгаламжийн тогтолцоог хэрэгжүүлэх нь" сэдэвт семинар нь уг хадгаламжийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж буй Евро- Ази, Ази номхон далайн бүсийн гишүүн орнуудад өндөр ач холбогдолтой семинар юм.
Эдгээр бүс нутгууд хэрэгжүүлснээр улс орны төдийгүй, бүс нутгийн хэмжээн дэх санхүүгийн тогтвортой байдлыг хангах чухал ач холбогдолтой" гэв.
Д.Батчулуун