Хоёр долоо хоногийн дараа наадам эхэлнэ. Барилдах бөхчүүдийн тухайд хэн идэвхтэй давшилсан нь даваа авч болох дүрмийн заалтыг оруулсан нь өнгөрсөн жилийн наадам бөгөөд өнөө жил дахин дагаж мөрдөх нь. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг батлуулсан дүрмээ ахиад авч үлдлээ. Баяр наадмыг түргэн дуусгах үүднээс гэдгээ хэлж байна. Наадамчин олон бол бөхийн барилдаанаа хэнээр ч заалгуулахгүй үзэж сурсан. Бөхчүүд ч бас. Үнээ саалгадаггүй “хоёр мөнх”, од сар гартал барилддаг “хоёр эрдэнэ”-ий барилдаануудад лав залхаагүй юм.
Барилдаан хэт удаан өрнөсөн ч дараа нь шударга сайхан өрсөлдөөний талаар он дамжин ярих нь л сайхан. Наадамчид юу хүсдэг вэ гэвэл үнэн шударга барилдаан харах гэж жилдээ нэг чуулдаг.
Барилдааны идэвхээр хасах дүрмээ танилцуулахад бөхчүүд таалахгүй л байна. Бөхийн холбоо бол бөхчүүдээ төлөөлдөг, бөхчүүдийн эрх ашгийг хамгаалдаг цор ганц байгууллага. Ядаж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Асуусан уу, зөвлөсөн үү, үгүй. П.Сайнзориг даргаар заалгуулахгүй бөхчүүд барилдаж чадна. Чадсаар ч ирсэн. Бөхчүүдийн яаж барилдахыг засуул заадаг болохоос биш дарга нар заадаггүй юм. Ийм зүйл Монголын түүхэнд тохиогоогүй.
Бүтэн жилийнхээ хөдөлмөрөө үнэгүйдүүлэхвий хэмээн эсэргүйцэж байгаа бөхчүүдийн буруу биш.
Наадмаар мэх хийхгүй байж түрүүлж болох нөхцөл үүслээ. Давшиж, хэн илүү идэвхтэй харагдсанд даваа өгөх юм уу даа. Хөлийн цэц буруу шийдвэр гаргаж бас болно. Авилга авч бас болно. Энэ дүрмийг баталсан хүмүүс бол бөхчүүд биш, цагаан захтангууд. Нэг үгээр хэлбэл тэд бөхчүүдийн жаргал, зовлонг мэдэхгүй, ойлгох ч үгүй. Ийм хүмүүс өнө удаан жил оршин тогтносон монгол бөхийн онцлог, хэв маягийг өөрчлөх гээд улайраад байгаа юм.
Бөхчүүд та нарт сонгуульд яаж өрсөлдөхийг чинь зааж болдоггүйтэй агаар нэг.Монгол бөхийн ноён оргил цолтон бол аварга. Аваргууд эртнээс бөхийнхөө хөгжилийн түүчээлэгч нь байсаар ирсэн. Байх ч болно. Идэвхээр хасдаг дүрмийг өнөө цагийн бөхийн өнгийг тодорхойлогч даян аварга Н.Батсуурь, отгон аварга О.Хангай нар эсэргүйцлээ. Өөр олон бөх байна. Тэд үнэн хүчийг үзнэ, тэд ард түмнээ цэнгүүлэхээ мэднэ. Наадамд бол төрийн оролцоо бий, түмний ч мэдэл ч бий.
А.Болд
Сэтгэгдэл (11)