МҮОХ Олимпын өдрийг угтсан цуврал арга хэмжээний хүрээнд дижитал номын сангийн нээлтээ өнөөдөр хийлээ. Дижитал номын санг “Мобиком” корпорац, “Мир мебель” ХХК-ийн дэмжлэгтэйгээр тохижуулсан юм.
Нээлтийн ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан, П.Буяндэлгэр, Ч.Амарсанаа, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай, Олимпын түүх судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ж.Баасанхүү, Азийн олимпын зөвлөлийн Хэвлэл мэдээлэл болон телевизийн албаны захирал Жинс Жоу Жиен, Азийн олимпын зөвлөлийн хүний нөөцийн албаны захирал И Шу Хуа болон “Мобиком” корпорацын Маркетинг хариуцсан дэд захирал Юүжи Ито нар байлцав.
Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “Бид номын сангаа хэрхэн засаж тохижуулах талаар нэлээд судалсан. Өрөөний хэмжээ хангалттай том биш болохоор дижитал хэлбэрт шилжүүлэхээр болсон юм. Олимпын түүхээ мэддэг байхын тулд номын сангаа баяжуулах ёстой. Ингэхдээ орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн дижитал болон уламжлалт хэлбэрийг хослуулахаар шийдсэн” хэмээн ярилаа.
МҮОХ-ны номын санд гадаад, дотоодын спорт, олимпизмын сэдэвтэй 3000 гаруй ном, сонин хэвлэл, товхимол, гарын авлага байрлаж байна. Номын фондыг цахимжуулах ажил үргэлжлэн хийгдэх болно.
МҮОХ