Завхан аймгийн бөхчүүд Улсын баяр наадмын бэлтгэлээ Сүүж хайрханд хангаж байгаа бөгөөд өчигдөр галын сорилго барилдаанаа хийлээ. Энэ барилдаанд улсын заан, гавьяат тамирчин М.Лхагвагэрэл түрүүлж, харцага Ш.Пүрэвгарьд үзүүрлэв. Их шөвгийн гуравт улсын начин Б.Чимэдвандан шалгарсан байна.
Завхан аймаг энэ жил түүхт 100 жилийн ойтой, тус нутгийн бөхчүүд жил жилүүдээс илүү сайн барилдахыг зорьж бэлтгэлдээ эртнээс оржээ.
Завхан аймгаас улсын наадмын түрүү бөх 90 жилийн тэртээ улсын арслан М.Лхагва түрүүлж байлаа. Түүнээс хойш гарди цолтон цөөнгүй төрсөн боловч түрүү бөх дутаад байгаа юм. Өнөө жил Завхан нутгаас түрүү бөх болох магадлалтай бөх гэвэл М.Лхагвагэрэл байна. Түүний бэлтгэл сургуулилт тун сайн байгаа ба нутгийн зон олон, бөхчүүд нь түүний захыг мушгин баяр наадмаа хоног тоолон хүлээсээр.