“Пепси алтан цом” үндэсний бөхийн багийн барилдаанд долоон тойрог өрнөж, Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний баг ялагдалгүй түрүүлсэн. Тус багт МҮБХ-ноос үүрд хадгалах цомыг гардуулах ёслол өнөөдөр болсон бөгөөд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав улсын гарди Д.Рагчаад хүлээлгэн өгсөн байна. Сонирхолтой нь цом гардуулсан Ц.Магалжав, цом гардсан Д.Рагчаа нар 2006 оны наадмын заан цолны төлөө барилдсан юм. Д.Рагчаа давсан боловч түүнээс допинг илэрч, Ц.Магалжавт хожим улсын заан цолыг нөхөн олгож байв. “Бөх билэгт” дэвжээний багт улсын арслан Р.Пүрэвдагва, гарди М.Бадарч, харцага О.Мөнх-Эрдэнэ, Б.Зоригтбаатар, аймгийн хурц арслан С.Сүхбат, аймгийн арслан Э.Мөнхжаргал, Л.Отгонбаатар нар багтсан юм. Харин багийн дасгалжуулагчаар гарди Д.Рагчаа, начин Ч.Ганзориг нар ажилласан билээ.